Г.Ариунбаатар Марийнский театрт дахин дуулна

Дэлхийн сонгодог урлагт Монголынхоо нэрийг гаргаж яваа дуучдын нэг нь гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар билээ. Тэрбээр энэ оноос Буриадын Марийнский театрт дахин дуулахаар болсон байна. Энэ мэдээллийг тэрбээр өчигдөр /2019.01.07/ Монголын ард түмэндээ хүргэлээ.
Хэдийгээр оны өмнө Буриадын театрын дотоодын үйл ажиллагаа хурцдаж Г.Ариунбаатар дуучны багшийг театраас хөөх шийдвэр гарахад тэрбээр багшийгаа даган тус театрыг орхих хүслээ илэрхийлж байсан юм. Тэгвэл Марийнский театр түүнийг дахин урьж, урт хугацааны гэрээтэйгээр ажиллахаар болжээ.
Энэ тухайгаа гавьяат дуучин Г.Ариунбаатар “Шинэ оны эхний долоо хоногт олон нислээ шүү. 2019 он ажил, амьдралын хувьд маш их өөрчлөлт авчирч байна. Учир нь Марийнский театрт урт хугацааны гэрээ байгуулж, хилийн чанадад амьдрах болсон. Энэ мундаг театраар овоглож, дэлхийн олон газраар цуурайтна” хэмээн сэтгэлийн бахдам үгээ илгээжээ.
Г.Ариунбаатар 2017 онд “BBC Cardiff Singer of the World” уралдааны “Романс” төрөлд тэргүүн байр эзэлж, “Ари” төрөлд дэлхийн таван дуучны нэг болж байсан юм. Тэрбээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, Гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын “Монголын тал нутаг” дууг дуулж, дэлхийн тайзнаа Монголын сонгодог урлагийг эгшиглүүлсэн билээ. Тэгвэл Г.Ариунбаатар өнгөрөгч онд “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажилласан ч энэ онд дахин Марийнский театрт дуулахаар болжээ.
С.Өлзийхүү Монгол Улсын гавьяат жүжигчин боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Өлзийхүү Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа.
“Өнгөт инээд” продакшны захирал С.Өлзийхүү бусдад инээд хөөр, ухаарал, урам хайрладаг хошин урлагийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхтэй цөөн жүжигчдийн нэг билээ. Тэрбээр 1992 онд СУИС-ийн кино драмын факультетийг драмын жүжигчний мэргэжлээр төгссөн улаан дипломтой жүжигчин бүсгүй Үндэсний Жүжгийн Академик театрт жүжигчнээр хуваарилагдаж, урлагийн алтан тайзнаа хөл тавьжээ. Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн Лора түүний анхны “албан ёсны” дүр байсан бөгөөд түүнээс хойш В.Шекспирийн “Ромео Жульетта”, Г.Лоркагийн “Хүслийн таранвай”, С.Маршакийн “Буудлын авхай” зэрэг 30-аад жүжиг, “Их хааны удам”, “Цахилж яваа гөрөөс”, “Хааны сүүлчийн хатан”, “Эзэнгүй айл”, “Ядуугийн зовлон”, “Бүтэлгүй новш” зэрэг 20 гаруй киноны гол болон туслах дүрд тогложээ.
Жүжигчин И.Одончимэг ”Шилдэг эмэгтэй жүжигчин” шагнал хүртжээ

“Х-Түц” продакшны уран бүтээлчид “Солиот эх” УСК-оороо нэг хэсэг олныг байлдан дагуулаад авсан. Хятад зохиолыг Монголын хөрснөө буулган үзэгчдийн хүртээл болгосон тэд тус киногоороо Шанхайн Хамтын Ажиллагааны Олон Улсын Кино наадамд оролцжээ. Тус наадмаас МУГЖ И.Одончимэг “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагнал хүртсэн бөгөөд тус наадамд 12 орны 55 бүтээл 6 номинацид тус тус өрсөлдсөн байна. Ийнхүү МУГЖ И.Одончимэг ОУ-ын кино наадмаас анхныхаа “Шилдэг эмэгтэй жүжигчин” хэмээх шагнал хүртээд байна.